ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд-Хиагт чиглэлийн хурдны замд микро автобус ниссан маркын суудлын тэрэгтэй мөргөлдсөний улмаас нэг хүн нас барсан хэрэг гарчээ.
Осолдсон микро автобусанд нийт 15 хүн зорчиж явснаас 12 нь Монголын спортын багийн тамирчин хүүхдүүд байсан байна. Эдгээр хүүхдүүд Эрхүүд болсон Станислав Копыловын нэрэмжит тэмцээнд оролцчихоод буцаж явсан бөгөөд ослын улмаас суудлын машины жолооч нас баржээ.
Буриадын Залуус, спортын асуудал хариуцсан яамнаас өгсөн мэдээллээр тамирчин хүүхдүүд гэмтэж бэртээгүй бөгөөд өнөөдөр гэртээ ирэх юм. Ослын шалтгааныг тодруулахаар Буриадын цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа юм байна.