“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар бааз олон цагаар суугаа ажил хийдэг ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж бялдаржуулах танхим ашиглалтанд орууллаа. Жолооч, ажилчдын санаачилга, хандиваар бүтсэн энэхүү танхимын нээлтэнд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн орлогч дарга Б.Даваасүрэн, ТҮБТХ-ийн дарга М.Цэнд, 2 дугаар баазын дарга , ажилчдын төлөөлөл оролцсон.
Нээлтийн үеэр 2 дугаар баазын дарга Д.Батбаяр “Энэ онд манай бааз 30бүтээлч ажил хийж хэрэгжүүлсэн юм. Баазын төв хаалгыг автомат удирдлагатай болгон хөдөлгөөнийг хянах боломжийг бүрдүүлсэн.Мөн олон жил төвийн шугам сүлжээнээс таслагдсан ТДС№10-г төвийн дулаанд холбож гадна цэвэр бохир усны шугамыг шинэчиллээ. Удаан хугацаагаар сэлбэггүй эвдэрч зогссон 12 троллейбусыг засварлаж шугаманд гаргасан. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 180 айлын орон сууц барьж эхлэн, 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд оруулсан гээд бидэнд хийж хэрэгжүүлсэн ажил их бий. Эдгээр ажлын үргэлжлэл болгон бялдаржуулах танхимыг тохижуулж өнөөдрөөс ажиллуулж эхэлж байна. Эрүүл явбал мянган лан гэдэг. Ажилчин бүр эрүүл мэнддээ анхаарч энэ танхимдаа тогтмол хичээллээрэй” гэв.