Ирэх онд энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын хамтарсан сургалт, дадлагад Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах арга хэмжээний жагсаалтыг батлав. Өнөөдрийн байдлаар манай улсын 1000 гаруй цэргийн албан хаагч зургаан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь НҮБ-ын “MONUC” ажиллагаанд хоёр офицерыг цэргийн ажиглагчаар оролцуулж эхэлснээс хойш энхийг дэмжих 15 ажиллагаанд оролцсон туршлагатай юм.
Одоогийн байдлаар БНАКУ, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль эрх зүйн хүрээнд нэлээдгүй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын албан тушаалыг хэвээр хадгалан, үндсэн цалинг 100 хувь олгохоос гадна энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн албан томилолтын зардлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу олон улсын жишигт нийцүүлэн олгодог журамтай.