Дархан хотын эмэгтэйчүүдийн ордны барилгыг 1991 oнд Монголын Архитекторуудын Эвлэлээс орон нутгийн шилдэг барилгааар шалгаруулж, МАЭ-ийн хүрэл тэмдэг, батламжийг архитекторч Д.Майдарт олгосон байдаг. Энэхүү шагналын дурсгалын самбарыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн ордны хананд байршууллаа. Өдгөө гуч дахь жилийнхээ нүүрийг үзэж буй уг барилгын барилга угсралтын ажлыг Барилга үйлдвэрийн нэгдлийн хөдөлмөрийн баатар Г.Тэгшжав, гавьяат барилгачин, бригадын дарга Д.Ичинхорлоо, гавьяат барилгачин, бригадын дарга Ч.Тэрбиш зэрэг засал чимэглэлийн бригадынхан, өрлөгчин, бетон зуурмагчин зэрэг мэргэжлийн ажилчид барилгын техникумийн багш Ц.Ганхүрэл, Ё.Цэрэндолгор нараар удирдуулсан оюутнууд барьжээ.
1987 оны зургадугаар сарын 23-нд Москва хотноо дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал нээгдсэн өдөр ордныхоо шавыг тавьж, мөн оны 12 дугаар сарын 17-нд ашиглалтад оруулсан бөгөөд зургаахан сарын дотор баригдсан гэдэг. Монгол Улсдаа анхны Эмэгтэйчүүдийн ордон гэж нэг хэсэгтээ үзмэр болсон агаад одоо ч анхных хэвээрээ байгаа юм.
Х.Хэрлэн