Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотод боллоо. 23 дахь удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд түрүүлж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрээр Улаан-Үдэд нийт таван удаа барилдаан хийсэн бөгөөд тэгшитгэлд спортын мастер Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд ОХУ-ын АШТ-ий хошой хүрэл медальт Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялсан юм.
Ийнхүү Э.Бэхбаяр гавьяат Герман болон Испанийн Гранпри, Дан Колов, Динмухамед Кунаев, Дмитрий Коркин, Тахтийн цом, “Монголиа Опен”, Буриадын ОУТ гээд ДБНХ (UWW)-ны календарт багтдаг “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнээс 12 дахь түрүүгээ хүртэж байна.
74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, МУГТ Пүрэвжавын Өнөрбат, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул нар мөнгө, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай, 86 кг-д тус спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн нар хүрэл медаль хүртэв. Г.Мандахнаран, О.Үйтүмэн, Б.Батмагнай нар дөрөв, П.Өнөрбат гурав, Ө.Батзул анхны медалиа Буриадаас “зүүсэн”. Ялангуяа Б.Батмагнай 65 кг-ын жинд сүүлийн дөрвөн жил дараалан хүрэл медаль хүртсэн нь ховорхон амжилт.