Нийслэл хотын агаарын бохирдол гэж дээд дооргүй бүгд ам булаалдан ярьдаг. Эрүүл мэндэд заналхийлсэн хорт утаанаас ангижрах асуудлыг ярьсаар байгаа ч өдрөөс өдөрт, жилээс жилд өтгөрч зузаарсаар байна. Орц найрлага нь ч баяжсаар. Улаабаатарчууд утааны асуудлаа шийдүүлж чадахгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хязгаарлуулан яваа. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх тийм хувь зохиол байгаа эсэх нь ч тодорхойгүй, зөрчигдсөөр байгаа өнөө үед утаан дээр нэмэгдэн хөрсний бохирдлын асуудал гарч ирлээ. Уушги, эд эрхтэн гэмтээн хордуулагч утаанаасаа ангижирч амжаагүй байхад хөрсний бохирдлын хэмжээ аюулын харанга дэлдэж эхэллээ. Энэ талаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач докторант П.Оюунбаттай нийслэлийн хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрсэн болон цаашид ямар арга хэмжээ авах тухай ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.