Агаарын тээврийн компани Korean Air-ийн ерөнхийлөгч Чо Ян Хо-гийн охид эрээ цээргүй аашлан, харилцагч компанийхаа менежерийн өмнөөс ууж байсан аягатай усаа цацсан тухай мэдээлэл Өмнөд Солонгост дуулиан тарьж байна. Энэ зүй бус үйлдэлтэй холбогдуулан Korean Air-ийн ерөнхийлөгч Чо Ян Хо охидоо албан тушаалаас нь огцруулж байгаагаа мэдэгдэн мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “ Ёс зүйгүй, тавьтаргүй зан авир гаргасан охидынхоо өмнөөс би гүн уучлал гуйж байна. Би өөрийн охид болох Чо Хюн А, Чо Хюн Мин нарыг KAL Hotel компанийн ерөнхийлөгч, Korean Air компанийн дэд захирлын албан тушаалаас тус тус огцруулж байна. Компаний түүхэнд дахин ийм явдал гаргахгүйн тулд компанийн удирдлагын бүтцийг мэргэжлийн хүмүүст суурилсан хэлбэрт шилжүүлэх болно” гэжээ. Дашрамд өгүүлэхэд, том охин Чо Хюн А нь 2014 онд мөн нислэгийн үеэр Korean Air компанийн ажилтны биед халдаж, үүнийхээ төлөө шийтгүүлж байсан юм.