Сэлэнгэ аймаг, Япон улсын Шизоука мужийн мэргэжилтнүүдтэй хамтран дахин гурвалжин будааг энэ жил тариалахаар боллоо.
Өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг, Япон улсын Шизоука мужийн мэргэжилтнүүдтэй хамтран Зүүнбүрэн суманд 40 га газарт гурвалжин будаа тариалж, сайн ургац хураасан юм. Ингэж Японы ард түмний үндэсний хоол болох суба гоймонгийн гол түүхий эд гурвалжин будааг Сэлэнгийн хөрсөнд өндөр технологийн дагуу тариалсан нь үр дүн өгчээ. Иймээс энэ жил талбайн хэмжээг нэмэгдүүлэн тариалахаар аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа Япон улсын Шизоука мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ ярилцсан аж. Энэхүү уулзалт энэ сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т болсон бөгөөд уулзалтанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтсийн дарга нар байлцсан байна. Сэлэнгэ аймаг нь Шизоука мужтай хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа ажээ.