“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг “Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулах гэж байна. Эх хэл, бичиг, түүх соёлоо үндэсний хэмжээнд сурталчлах энэхүү арга хэмжээний нээлт тавдугаар сарын 4-ний 11.00 цагт Үндэсний номын санд болох юм. Тус баярыг БСШУСЯ, Соёл, урлагийн газар, Үндэсний номын сангаас Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, Төрийн түүхийн музей, аймаг орон нутгийн номын сангууд хамтран зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд монгол хэл, соёлын судалгааны талаарх эрдэм шинжилгээний хурал, бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг арга хэмжээнүүд болно. Мөн Үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан, сургалтуудыг орон даяар явуулах ажээ