Энэ жил Дорнын их яруу найрагч, нэрт соён гэгээрүүлэгч, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой тохиож байна. Дорноговь аймагт түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулагдан бэлтгэл ажилдаа оржээ. Ойн хүрээнд “Равжаа судлал”-ын олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Үлэмжийн чанар” олон улсын дуучдын уралдаан, Хутагтын яруу найргийн наадмыг зохион байгуулах юм байна. Мөн их соён гэгээрүүлэгчийн үйлсийг мөнхжүүлэх, залуу хойч үеэ соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцлийг хангах зорилгоор 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгосноо зарласан юм. Ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 2017 онд зарласан “Их бүтээн байгуулалт”-ын жилийн ажлыг энэ онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсноо аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ үеэр тодотгов. “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд гавьяат багш У.Доёдын нэрэмжит математикийн улсын 54 дүгээр олимпиад, 1000 хүүхдийн дунд даамын тэмцээн, ”Хилэнц кросс”, боксын улсын аварга шалгаруулах тэмцээн, улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах теннисний тэмцээн, “ Эрүүл энхийн үйлстэн” шалгаруулах гээд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.