Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудыг дэлгэн үзүүллээ.
Тэдгээр захидлын эх хувиуд Ромын Ватиканы нууц архив, Германы Үндэсний номын сан зэрэг дэлхийн улс, орнуудад хадгалагдаж байдаг бөгөөд захидлын хуулбарыг калиграфаар, бичиг үсгийн сонгодог дэгээр бичиж үзүүлж байв.
ЕТГ-ын дарга З.Энхболд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болсон Үндэсний бичиг үсгийн баярт зориулан бидний өвөг дээдэс, алтан ургийн Их хаадаас Европын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүлж байна. Захидлуудыг уран бичлэг-дүрслэх урлагийн хэлбэрт оруулан, уран бүтээл болгосон хүн нь уран бичигч, урлаг судлаач, докторант Э.Ариунболд юм. Эзэн Чингис хааныг залгамжлагч их хаадын энэ захидлууд нь дэлхийд гайхагдсан бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв төдийгүй Монголын төрт ёсны аугаа уламжлалыг илтгэн харуулсан түүхэн баримт юм. Энэ үзэсгэлэн нь захидлуудыг хуулбарлан цогцоор нь гаргаж байгаагаараа онцлогтой бөгөөд эх хэл, бичиг соёлоо олон нийтэд хүүхэд залууст бахархуулан таниулахад тустай юм" гэлээ. Үзэсгэлэнд Их хаадын захидлуудыг бодит хэлбэр, хэмжээгээр нь хуулсан бөгөөд Аргун хааны захидал гэхэд 3 метр 2 см урттай байсныг хэмжээгээр нь хуулбарласан байв.