Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтад 50 обьект хамрагдахаас 49 барилга байгууламжийг хамруулсан байна. Худалдааны төв 38,соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар 11 хамрагджээ. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын 18 барилга байгууламж буюу 36 хувь нь барилгын ажлын зургаа Онцгой байдлын байгууллагаар хянуулаагүй байсан аж.
Монгол бөхийн өргөө өмчийн маргаантай байгаа учраас энэ удаагийн шалгалтад хамруулаагүй. Асуудал, маргаан дууссаны дараа хамтарсан ажлын хэсэг бөхийн өргөөний галын аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, нормативын шалгалтыг хийх юм.
Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн дараах худалдааны төвүүн үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо.
- Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны төв,
- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВС групп” ХХК-ийн “Барс-2” худалдааны төв,
- “Драгон худалдааны төв”, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдалыг арилгуулах үүрэг даалгавар өглөө.
Мөн соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар, зах, худалдааны төвүүдийн барилга байгууламжид тавигдах хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах шийдвэр гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.