Эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа нийслэлийн төдийгүй орон нутгаас ирсэн сувилагч нар өнөөдөр жагсаал, цуглаан хийж байна. Тэд Засгийн газарт тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол Олон улсын сувилагчдын өдөр буюу 5 дугаар сарын 12-нд ажил хаялт зохион байгуулахаа энэ жагсаалын үеэр мэдэгдлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:
Эмнэлгийн асрагч сувилагч нар сардаа 300-400 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ цалин хөлс амьдрал ахуйд нь хаанаа ч хүрэхгүй. Эрүүл мэндийн салбарыг зүрхний цохилт, хэмнэлээр авч үзвэл нарийнхан зураас нь алдаа заагаад эхэлсэн гэхэд болно. Бүх эмнэлгийн сувилагчийн орон тоо дутуу, ачаалал нь хэд дахин нэмэгдсэн байдалтай байна.
Бүхэл бүтэн 12 цаг хөл дээрээ зогсож, бусдын эрүүл мэндийн төлөө туйлдаж ядартлаа ажилласан бүсгүй зургаан цаг унтаад эргээд ажилдаа гардаг. Хүн хүчний дутагдлаас болоод 24 цаг ажиллах тохиолдол ч элбэг.
Өнөөдрийг хүртэл тэд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр явж байгаа тулдаа л тэвчсээр ирсэн. Тэд бол эзэмшсэн мэргэжил, эмнэлэгтээ, салбартаа чинхүү хайртай хүмүүс. Гэвч төр засгийн зүгээс удаа дараа аргацаасан хариу өгч, сүүлдээ бүр улс төржүүлж шоудаад, яг амьдрал дээр өөрчлөгдсөн зүйл алга. Яг байдагтаа байна. Тиймээс бид энэ сарын 12-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана. Сувилагч, асрагч нарын цалинг хамгийн багадаа 50 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй." хэмээлээ.