Тавдугаар сарын 9-ний өдрийн 13:47 цагт Онцгой байдлын албанд Налайх Говьсүмбэрийн замд осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан дуудлага иржээ. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Улаанбаатар хот, Говьсүмбэр аймаг хоорондын авто замаас Налайх дүүрэг рүү салдаг авто замын зорчих хэсэгт иргэн Х-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Элентра” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж, гарч чадахгүйд хүрсэн байжээ.
Дээрх дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай гурван км замыг туулан 13:54 цагт очиж, иргэн Х /42 настай, эрэгтэй/ баруун хөлөө автомашины бүхээгийн хэсэгт хавчуулсан байсныг найман минут ажиллан гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн энэ сарын 9-ний өдрийн 14:46 цагт Онцгой байдлын албанд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангийн голын автозамын зорчих хэсэгт иргэн Ү-гийн эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашин иргэн Г-гийн эзэмшлийн “Эйч-Ди 55’’ загварын ачааны автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж, гарч чадахгүй байгаа тухай дуудлага иржээ.
Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 15:03 цагт очиж, иргэн Ү /41 настай, эрэгтэй/, иргэн Э /37 настай, эмэгтэй/ нар автомашины бүхээгийн хэсэгт хөлөө хавчуулсан байсныг 10 минут ажиллан гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.