Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улсын 812 жил, Эрх чөлөөний хөдөлгөөний 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр 10:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
Өдгөө ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа эл өдрийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж, Н.Батбаяр нар Монгол төрийн билэгдэл болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүх, уламжлалаа нандигнан хадгалах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор тэртээ 2008 онд төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулж байсан билээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг.
Манай улсаас гадна дэлхийн олон орнуудын Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, ОХУ наймдугаар сарын 22, Канад улс 12 дугаар сарын 15, Европын холбоо тавдугаар сарын 9, АНУ зургадугаар сарын 14, Итали нэгдүгээр сарын 7-нд “Төрийн далбааны өдөр”-өө тэмдэглэдэг заншилтай.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)