"Даншиг Наадам – Хүрээ Цам" Наадмын үеэр Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, хяналт шалгалт зохион байгууллаа.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохиогдсон "Даншиг наадам - Хүрээ цам" наадмын үеэр Хүй долоон худагт ажиллаж хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдэд хяналт шалгалт хийжээ.
Наадмын өдрүүднд нийт улсын 45 байцаагч, албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгаа өгчээ.
Хяналт шалгалтад нийт 173 аж ахуйн нэгж, 131 иргэн хамрагдсан байна. Үүнд, 167 нийтийн хоолны үйлдвэрлэл газар, 86 худалдааны газар, 105 хүүхдийн тоглоомын газар, 21 бусад аж ахуй, иргэн багтжээ.
Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлтэй нийтийн хоолны үйлдвэрлэл явуулж байгаа 35 газар /угаадас асгаагүй, алчуур бохир, эмх цэгцгүй/-ын зөрчлийг газар дээр нь арилгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 28 нийтийн хоолны үйл ажиллагааг зогсоож асар майханг буулган мөн зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 35 иргэний үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Ил задгай гар дээрээс айраг худалдаалж байсан хоёр газар, шорлог худалдаалж байсан долоо, жимс худалдаалж байсан нэг аж ахуй, иргэний үйл ажиллагааг зогсоожээ. Мөн муудаж үнэр орсон үхрийн татсан мах 35 кг, түргэн гэмтэж муудсан хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт хяналт шалгалт хийж олон залгаатай, зориулалтын бус утастай үйл ажиллагаа явуулж байсан 15 иргэний цахилгааны утсыг хураан зөрчлийг арилгажээ.
Мөн наадамчин болон уяачид, морь унаач хүүхдүүдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ба шаардлагын дагуу хадгалж байгаа байдалд хяналт тавьсан байна.
Р.Хишигжаргал