Баянгол дүүргийн Засаг Дарга С.Одонтуяа Сонгдонг-Гу дүүргийн Засаг дарга Чон Вон У нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичиг Монгол-Солонгосын түншлэлийн хүрээнд хоёр дүүргийн найрамдал нөхөрлөл, соёлын хамтын ажиллагааны эхлэлийг тавих, өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа аж.
Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг Дарга С.Одонтуяа, "Бид иргэд рүү чиглэсэн бодит ажлуудыг хийж гадаад харилцаагаа өргөжүүлж ажиллахын зорьж байгаа. Санамж бичиг хоёр дүүргийн хамтын ажиллагааны эхлэл болж байна. Хамгийн гол нь амьдралд үр дүнгээ өгөх бодит ажил хийхийг чухалчилж байгаа. Бидний гаргасан санал, санаачлагыг хүлээн авч хамтын ажиллагааг дэмжсэнд баярлалаа" гэв.
Түүнчлэн талууд боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж бүхий иргэдийн амьдрах орчин байгуулах чиглэлийг нэн тэргүүнд тавих, төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэхэд захиргааны дэмжлэг тусламж үзүүлж хамтран ажиллахаа санамж бичигт тусгасан байна.
Р.Хишигжаргал