Нийслэлийн Тээврийн газраас Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран 2018-2019 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан "Хүүхдийн автобус"-ны нэгдсэн үзлэг шалгалтыг энэ сарын 13-17-ны өдрүүдэд хийнэ.
Уг ажил нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн "Хүүхдийн автобус"-ны стандартын хангалт, хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад зааснаар хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руу буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлага тавигддаг байна.
Хэрэглээний стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрвэл сургууль, цэцэрлэгүүдэд албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцох аж.
Р.Хишигжаргал