Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нар болон Ажлын албаны дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяр удирдан явуулжээ.
Тус зөвлөгөөнөөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж ажлын цагийн бүртгэл, цаг ашиглалт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг чиглэл өгсөн байна.
Мөн дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн Нийслэлийн хүнс, худалдаа үйлчилгээний талаар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн П.Очирдаваа “Шарилжгүй Улаанбаатар аян”-ы талаар мэдээлэл хийжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Т.Хаш-Эрдэнэ “Аз жаргалтай хотын индекс, шилдэг хорооны шалгуур үзүүлэлт”-ийн талаар сургалт явуулсан байна.
Б.Лхам