Улсын хэмжээнд алтыг хайлах, сорьц тогтоох лаборатори хоёр аймагт шинээр байгуулах шаардлагатай болсон байна. Энэ хүрээнд Дархан аймагт төвийн бүсийн алтыг хайлах, сорьц тогтоох лаборатори байгуулагдаж байгаа аж. Тус төслийг Дархан аймагт хэрэгжүүлэх хүрээнд тус аймгийн ЗДТГ-аас лабораторийн өрөө тасалгааг засварлаж бэлэн болгоход 18 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ. Ингэснээр төвийн бүсийн алтыг хайлах, сорьц тогтоох лабораторийн өрөө тасалгаа бэлэн болж, 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөө есдүгээр сарын дундуур хүлээж авахаар боллоо.
Тус лабораторид ажиллах ажилтнуудыг сонгон шалгаруулсан бөгөөд хоёр сарын сургалтад Улаанбаатар хотноо суралцаж байгаа ажээ. Дархан хотод төвийн бүсийн алтыг хайлах, сорьц тогтоох лаборатори байгуулагдахын ач холбогдлыг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг, "Дархан-Уул аймагт өөрийн аймгийн төдийгүй, Сэлэнгэ, Төв аймгийн хувиараа алт олборлогчид байдаг.
Тэд өнгөрсөн жилд 2.9 тн алтыг Монгол банканд тушаасан байдаг. Хэрвээ дээрх алт олборлогчид Дарханы лабораторид олборлосон алтаа тушаавал алтны нөөц ашигласны 2.5 хувийн татварын 30 орчим хувь нь орон нутгийн төсөвт шилжин ирнэ. Ингэснээр манай аймгийн төсөв нэмэгдэх ихээхэн ач холбогдолтой” гэлээ. Аймгийн Ахмадын зөвлөх багийн гишүүд наймдугаар сарын 3-ны өдөр уг өрөө тасалгаатай биечлэн танилцаж, мэдээлэл авсан юм.
Р.Хишигжаргал