БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" Дэлхийн цомын тэмцээн гурав хоног үргэлжилж дөнгөж сая дүнгээ танилцуулсан бөгөөд тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус “бусад тэмцээнтэй адил биш” зургаан төрлөөр өрсөлдсөн юм.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцлоо.
Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Олон улсын их мастер, Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан, тамирчдаар Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр “Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч”, Олон улсын Их Мастер Н.Энхшүр “Гиннесийн рекорд эзэмшигч”,Олон улсын Их Мастер Э.Лхагвадулам ”Өсвөрийн Дэлхийн Аварга”, Их Мастер Б.Шижир-Эрдэнэ “Оюуны олимпын Алтан медальт, Америкийн аварга”, Их Мастер М.Уянга “Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга”, Б.Лхагвадорж “ОУ-ын тэмцээний мөнгөн медальт”, Г.Солонго, А.Уянга, Б.Болоржин, Б.Хулан нар тус тус оролцсон юм.
Ингээд тэмцээний эцсийн дүн гарч Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, гурван цомын хоёрыг нь тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулан мөнгөн шагналаа авч тэргүүн байрт орлоо. Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.
Өсвөр насны ангилалд нэгдүгээр байрт ОУИМ Э.Лхагвадулам 7233 оноогоор, хоёрдугаар байрт Их Мастер М.Уянга 6115 оноогоор, гуавдугаар байрт Б.Лхагвадорж 5165 оноогоор, насанд хүрэгчдийн ангилалд нэгдүгээр байрт ОУИМ Н.Мөнхшүр 8191 оноогоор, хоёрдугаар байрт ОУИМ Саймон Рейнхард 7416 оноогоор, гуравдугаар байрт ОУИМ Ли Юанг 7069 оноогоор тус тус шалгарсан бол нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт ОУИМ Н.Мөнхшүр 8191 оноогоор хоёрдугаар байрт ОУИМ Саймон Рейнхард 7416 оноогоор, гуравдугаар байрт ОУИМ Э.Лхагвадулам 7233 оноогоор шалгарчээ.
Тэмцээний үеэр "Хурдны Хөзөр" төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоолоо.
Тэмцээний төгсгөлд шилдэг 12 тамирчин гурван багт хуваагдаж телевизийн том шоу нэвтрүүлэгт орж тархины гайхамшгийг харуулж өрсөлдсөн бөгөөд BBC, CCTV зэрэг олон телевиз сурвалжилжээ.
Ингээд Монголын оюун ухааны академийн баг тамирчид 2008 оноос хойш өнөөг хүртэл олон улсын 49 дэх тэмцээндээ амжилттай оролцон 789 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож шагналын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
Мөн Рубик шооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор академийн багш Э.Эрдэнэмандах Тайван улсыг мөн Оросын “Россия 1” телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцохоор Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар, Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар ОХУ-ыг зорих аж.
Л.Сайнбаяр