Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу энэ онд Дархан-Уул аймаг аюулгүй нөөцдөө 30 тонн өвс, 20 тонн тэжээл, сум бүр 50 тонн өвс, 25 тонн тэжээл аюулгүй нөөцдөө нөөцлөхөөр заагджээ.
Энэ жил тус аймгийн хэмжээнд 59,1 мянган тонн байгалийн хадлан, 616,4 тонн гар тэжээл бэлдэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар уг аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Мөн өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн гар тэжээл бэлтгэх аяныг бүх нийтийн аян болгон зарлаж үр дүнг нь нэмэгдүүлж иргэд байгууллага бүрийн оролцоог дээшлүүлэх аж. Ингэснээр байгалийн болзошгүй эрсэдлийг хохирол багатай даван туулах, эрсдлээс сэргийлэхэд тус нэмэр болох талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа.
Энэ онд тус аймгийн сумын малчин өрхийн хаваржаа бууцны ойролцоо ногоон тэжээл тариалсан байна. Ирэх есдүгээр сараас ургацаа хураан авахаар урьдчилсан төлөв гарч байгаа юм аж. Өвсийг бодвол малд өгөхөд илүү илчтэй, тэжээллэг тул уг тэжээлийг өвсний нөөцийнхөө 50 хувьд нь бэлдэхээр болжээ.
Дархан-Уул аймагт энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг худаг шинээр гаргасан байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс 2053.7 га талбайд малын тэжээлийн ургамал тариалж, 22 аж ахуйн нэгж, 4 иргэн 9200 га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулжээ.
Р.Хишигжаргал