Дэлхийн Банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нар хамтран “Улаанбаатар хотын цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадавхтай зам, тээврийн хөрөнгийн менежментийг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх аяныг энэ сарын 18-наас ирэх сарын 09-ний өдөр хүртэл иргэдийн дунд зарлаж байна.
Тус аян нь иргэдийн оролцоотойгоор зураг дахь объект таних технологийн тусламжтайгаар Нийслэлийн гудамж зам талбайн мэдээлэл бүрдүүлж, үнэлгээ хийн, авто замын ашиглалтын түвшинг тодорхойлсон суурь мэдээллийн сан бий болгох зорилготой юм.
Аяныг Даян дэлхийн гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээх сан болон Даян дэлхийн авто замын аюулгүй байдлын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа аж.
Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аянд оролцогчид гар утсандаа “Mapillary” аппликейшн суулгах шаардлагатай ба өөрийн зорчиж буй авто замын зургийг зааврын дагуу авч оруулах юм. Хамгийн идэвхтэй оролцогчдоос эхний гурван байрт шалгарсан оролцогчдод хамтран санхүүжүүлэгч төслийн багаас мөнгөн шагналаар, удаах таван байрт шалгарсан оролцогчдод Mapillary-гийн үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшуулна.
Б.Лхам