Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг халамжийн үйлчилгээний салбарын харьяа газрын удирдлагуудтай хуралджээ. Тус хуралд нийслэл, дүүргийн харьяа газрын дарга нар оролцсоноос гадна аймгуудын Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нартай онлайнаар холбогдож салбарын хэмжээнд сахилга хариуцлагыг сайжруулах, Ерөнхий сайдын энэ оны 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг салбар, орон нутгийн хэмжээнд эрчимжүүлэх үүрэг өгсөн байна.
Мөн төрийн байгууллагын албан өрөөнд согтууруулах ундаа оруулахыг хориглож, аливаа баярыг архи дарсгүй тэмдэглэх, байгууллагын хамт олны зугаалга зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.
Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга батыг чанд сахиж, ажлын байранд архидан согтуурах, ажлын цагийг цалгардуулах, иргэд үйлчлүүлэгчидтэй зүй бус харьцах зэрэг үйлдэлд хатуу хариуцлага тооцож ажиллахыг удирдлагуудад сануулжээ.
Энэ удаагийн хурлаар салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой үүрэг даалгавар, чиглэлийг өгчээ. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүд, нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад элсэлтийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэх зэргэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
Б.Лхам