Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тодруулбал, цэцэрлэгийн багш нарын цалинг найман хувиар, бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ажлын байрны зэрэглэлийг нэг шат, сувилагч нарын ажлын байрны зэрэглэлийг 1-2 шат ахиулах шийдвэр гаргасан байна. Бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 12.3 хувиар, сувилагч нарын цалин 20-30 хувиар нэмэгдэх боломжтой болж байгаа аж.
Мөн соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин төрийн албанд ажиллагсдын дундаж цалингаас 12.5 хувиар доогуур явж иржээ. Тиймээс зарим арга хэмжээг авсны үндсэн дээр энэ салбарт ажиллагсдын цалинг 14-30 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.
Цалин нэмэгдүүлэх шийдвэртэй холбогдуулан УИХ-ын өмнөх оны 29 дүгээр тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Тус тогтоолд 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин одоогийн хүрсэн түвшинд нь царцаах, цалингийн шатлалыг ахуулахгүй байхаар заасан байгаа талаар хэллээ. Тиймээс цалин нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор тус тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох асуудлыг 2019 оны төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барихаар болжээ.
Цалин нэмэгдүүлэх шийдвэр энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд эхний ээлжинд багш, эмч нар болон тэдэнтэй дүйцэхүйц албан тушаалтан, тэдгээрээс доогуур цалинтай ажилтнуудын цалинг нэмэгдүүлж байгаа талаар ярьлаа. Ингэснээр багш, болон тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалин ирэх сараас нэмэгдэх юм.
Цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт төрийн албан хаагчдын 92 хувь буюу 173 мянган хүн хамрагдана. Үүнээс 145 мянга орчим төрийн албан хаагчийн цалин ирэх сарын 1-нээс найман хувиар, үлдсэн 28 мянга орчим төрийн албан хаагч албан тушаалын зэрэглэл ахиж, цалин нь 12-30 хувиар нэмэгдэх юм.
Б.Лхам