Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас “Гэр, байшингаа дулаалцгаая”, “Эрүүл мэндийнхээ төлөө агаарын чанарын мэдээг хэрхэн унших вэ”, “2019 оны 05 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхгүй”, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” зэрэг 5 төрлийн 1200 ширхэг танилцуулгыг тараан, иргэдийн дунд санал асуулга явуулан, орчны хэмжилтийн багаж тоног төхөөрөмж танилцуулж Нийслэлээс агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг сурталчлан ажиллажээ.
Мөн “Мөнхийн амар дулаан” ХХК цахилгаан халаагуур, “Мега хитт” ХХК эрчим хүчний хэмнэлттэй технологи, “Эрхэт Эрчим” ХХК халаагуур, “Ханан хишиг” ХХК сайжруулсан түлш, “Кореа кабель” ХХК шалны халаалт, дулаалгын ханын цаас, халдаг ханын зураг зэрэг бүтээгдэхүүнүүдээ иргэдэд танилцууллаа гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.