Он гарсаар эхний долоон сарын байдлаар 500 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүнээс 24 хүүхдийн амь нас хохирч, 95 нь хүнд гэмтсэн байна.
Нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 10 хүртэл насны хүүхдийн 48.4 хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 38.7 хувь нь харгалзах хүнгүй, 12.9 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүүтэйгээ замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг Замын цагдаагийн албанаас тогтоожээ.
Осолд өртсөн хүүхдийн насны байдлаар үзвэл 85 хувь нь 0-14 насны хүүхдүүд хамгийн их өртөж байгаа аж.
Түүнчлэн өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны хороонд улсын хэмжээнд 11 хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүнд гэмтсэн хэрэг гарч байжээ.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, багш нарын үлгэр дуурайл, хариуцлага чухал байна гэдгийг албаныхан мэдээлж байна.
Б.Лхам