2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг,зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Хичээлийн шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд сургуулиудын ойр орчимд эрсдэл бүхий цэгүүдийг тодорхойлж цагдаагийн байгууллагын авто, явган эргүүлүүдийг чиглэлд хамруулан ажиллаж байна. Мөн сургуулиудаар байгаа эцэг, эхийн бүлгэм, сургуулиудын эргүүлүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл өгч ажиллаж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газраас халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон зах худалдааны төв, том оврын автобусны хяналтын камерт үзлэг шалгалт хийх ажлын зохион байгуулж байна.
Цаашид дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдож, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн байгууллагын түр саатуулах байранд орж байгаа оюутан сурагчдын судалгааг өдөр бүр гаргаж тухайн сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр албан мэдэгдэл, шаардлагыг өгч ажиллана.
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудад хяналт шалгалтын ажлуудыг тогтмол зохион байгуулж, 21 наснаас доош хүн согтууруулах ундаа худалдан борлуулсан, түүгээр үйлчилсэн газруудад хуулийн дагуу хариуцлага тооцож албан мэдэгдэл шаардлага өгч тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлэх арга хэмжээг хүртэл авч ажиллана.
Иймд иргэд, аж ахуй нэгж, байгууллагууддаа уриалахад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож цагдаагийн байгууллагатай мэдээ, мэдээлэл солилцож ажиллахыг уриалж байна.