Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүх албан хаагчидтай Засаг дарга Х.Болормаа өчигдөр шуурхай хурал хийжээ.
Хурлаар дүүргийн хэмжээнд сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 01 тоот, нийслэлийн Засаг даргын 03 дугаар албан даалгавар хэрэгжилтийг эрчимжүүлэн ажлын байрны эмх цэгц, ажлын цаг ашиглалт, харилцаа, хандлага, төрийн албаны ёс зүйгээ чанд сахиж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн зүгээс сахилга хариуцлагыг чангатгах, сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч байна. Бид энэ бүх шийдвэрийг байгууллагадаа хэрэгжүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, энэ тухай тайлан, мэдээг дээд шатны байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Тийм учраас бүх албан хаагчид үүрэг даалгавар, холбогдох шийдвэртэй нэгбүрчлэн танилцаж, ажилдаа мөрдлөг болгон ажиллах нь зүйтэй” гэв.