Манай улс Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Гаалийн цагдаагийн газрын дэд дарга Чэн Тао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар “Хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал солилцсон байна. Энэ хүрээнд хоёр орны гаалийн байгууллагуудын хууль сахиулах салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүн, санамж бичгийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, Монгол Улсын ГЕГ-ын зүгээс дээрх асуудалд чухал ач холбогдол өгч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсын ГЕГ-ын дарга, БНХАУ-ын ГЕГ-ын дарга Ни Юүэ Фэнтэй Бээжин хотод уулзахдаа хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр ажилтнуудыг сургах, хяналтын техник, тоног төхөөрөмж, албаны эрэлч нохойн чадавхийг бэхжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, галт зэсвэг, хатуу хог хаягдал, мансууруулах бодисын хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, хоёр талын гаалийн байгууллагуудын мэдээлэл солилцох холбоо баригч нарыг томилж, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу хууль сахиулах арга хэмжээг тогтмолжуулахаар санал нэгджээ.
Б.Лхам