Өнөөдөр 2018 оны хичээлийн шинэ жилийн анхны өдөр. Энэ өдөр Баянгол дүүргийн төрийн өмчийн 17 сургуульд 5800 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.
Энэ хичээлийн жилд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд олон шинэ, шинэлэг үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, төрийн өмчийн сургуулиудын 15 сургууль гүнзгийрүүлсэн сургалттай болж Монгени сургууль технологийн, 73 –р сургууль чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургуулийн хөтөлбөрийг шинэчлэн батлуулжээ.
Мөн Баянгол дүүрэг хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдэд ээлтэй дүүрэг”, “Баянгол Боловсрол-2020”, “Эх орон-36”, “Эрүүл дүүрэг” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж хүүхдийн сурч боловсрох эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээг шат дараатай хүргэж ажиллах юм байна.
Дашрамд дурдахад Баянгол дүүрэг нь Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор Улсад III байр , Нийслэлд II байр эзлэн амжилтаа бататгаж өмнөх оноос 4,5 оноогоор өссөн үзүүлэлт гаргасан билээ.