МҮЭХ-ны салбар хороод Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, есдүгээр сарын 3-наас боловсролын салбарынхан ажил хаялт зарлахаа өмнө нь мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр нийслэлийн 70 сургууль, 87 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгджээ.
Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Баясгалан “Бид хөдөлмөрийн мөлжлөгт автаж ажилтай ядуучуудын эгнээнд багтаж байгаа. Маргаашнаас бидэнтэй нэмж 10 гаруй сургууль нэгдэнэ. Захирал, дүүргийн хэлтсийн даргаас бидэнд дарамт их ирж байна” гэлээ.
Харин Нийслэлийн боловсролын газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 12 сургуулийн багш нар ажил хаяжээ.
Баянгол дүүргийн 93 дугаар сургууль, "Эрдмийн өргөө" цогцолбор болон Баянзүрх дүүргийн 79, 84, 97, 102, 120 дугаар сургууль, "Амгалан" цогцолбор сургуулийн багш нар ажил хаят зарлажээ. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 26, 34, 41, 118 дугаар сургуулиуд багтаж байна.