Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохдоо аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, экспортлогч улсын чанарын гэрчилгээ, худалдааны гэрчилгээ зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.
Зөвхөн биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж импортолно.
Иргэн та биологийн идэвхт бүтээгдэхүүнийг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй оруулж ирсэн тохиолдолд Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.9.3 дугаар заалт “Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглоно”-ыг үндэслэн иргэн албан тушаалтныг 150000-250000, хуулийн этгээдийг 250000-300000 төгрөгөөр торгож бараа бүтээгдэхүүнийг хураахыг анхааруулж байна.
Хувийн хэрэглээний эм тариа:
Зорчигчийн хувийн хэрэглээний болон яаралтай тусламжийн эм бэлдмэлийг аяллын хугацаанд “долоо хүртэлх өдрөөр” авч явахыг зөвшөөрнө. Удаан хугацааны эмчилгээ шаарддаг өвчинд хэрэглэдэг эмийг зорчигчийн хувийн хэрэглээнд зориулан хилээр нэвтрэх зөвшөөрлийг хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн байгууллагын магадлалыг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллага олгоно. Зорчигчын хувийн хэрэглээнд зориулан судсаар сэлбэх шингэн, антибиотик тариа, мансууруулах эм, цусны бэлдмэл, сийвэн орлох эм, нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм зэргийг авч явахыг хориглоно.