Хятад орныг танин мэдэх, Хятадын Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Нахиа” ном хэвлэлийн солилцооны төслийн хүүхдийн номын үзэсгэлэн Монголын Хүүхдийн төв номын санд нээлтээ хийлээ.
Энэхүү арга хэмжээг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Хүүхдийн төв номын сан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг газрууд хамтран зохион байгуулсан юм.
“Нахиа” Хятад, Монголын ном хэвлэлийн солилцооны төсөл нь хоёр улсын ном хэвлэлийн салбарын хамтын ажиллагааны гол төсөл юм. Түүнчлэн хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлийг дэмжих, харилцан солилцох, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээг энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулсаар ирсэн юм.
Энэ удаагийн үзэсгэлэн нь уг төслийн хэвлэсэн “Хятадын нэн шинэ үеийн амьтны үлгэр”, “Монгол үндэстний амьтны ёгт үлгэр” зэрэг 200 гаруй төрлийн шилдэг хүүхдийн ном бүтээлүүд багтаж байна. Мөн эдгээрт уламжлалт уйгаржин монгол хэл, крилл монгол хэл болон хятадын хэлний хэвлэлийн номуудыг дэлгэх ажээ. Үзэсгэлэн 05-07-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Л.Сайнбаяр