Хятад орныг танин мэдэх, Хятад Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотын соёлын төв өргөөнд “Найрамдлын солонго” уран сайхны тоглолт боллоо.
Тус тоглолт нь “Түүхэн улбаат найрамдал”, “Эв зохицолт хамтын ажиллагаа”, “Гэгээн саруул алс ирээдүй” гэсэн гурван хэсэгт хуваагдан, дуу бүжиг, хөгжим, Бээжин бүжиг, цирк зэрэг сонгодог хөтөлбөрүүдээр баян байлаа. Мөн Өвөр монгол алдарт хуурч Ч.Булаг морин хуурын гайхамшигт аялгуугаар хүрэлцэн ирсэн зочдыг баясгасан юм.
Тоглолтоор Хятад, Монгол хоёр орны найрамдлын түүхэн үндэс улбааг тодотгон харуулснаас гадна, одоо цаг хоёр орон мөр зэрэгцэн хөгжлийн замаар урагшилж буйг харуулжээ.
Мөн хоёр улсын ард түмний найрсаг хамтын ажиллагаа болон хөгжлийн эхмэлзлэлийг дэлгэн харуулж, “Бүс ба зам” санаачилга дор Монгол, Хятадын харилцааны гэгээн саруул ирээдүйг зураглан үзүүлэхийг зорьсон байна.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яам тус тус ажилласан бол хамтран зохион байгуулагчаар Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, гадаад хэргийн алба, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Монгол Улсаас Хөх хотод суугаа ерөнхий консулын газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв тус тус ажиллалаа.
Тоглолт өнөөдөр орой Улаанбаатарын соёлын төв өргөөнд 19.00 цагаас дахин тоглогдоно.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)