Хятадын Өвөр монголын соёлын аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног бэлэглэж нэвтрүүлэх үйл ажиллагаа “Туушин” зочид буудлын Сүлд хурлын танхимд боллоо.
“Дэггүй аав” олон ангит уран сайхны кино нь 2014 оны наймдугаар сард Ши Жинь пин дарга Монгол улсад айлчилж, хоёр улсын төрийн тэргүүн нарын байгуулсан “БНХАУ болон Монгол Улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д Хятадын тал ирэх 5 жилд Монголын талд 25 уран сайхны кино нийлүүлэх төслийн нэг юм байна.
Хятадын мэргэжлийн жүжигчид болох Сүн Даньдань, Ни Дахүн нарын тоглосон 40 ангит гэр бүлийн, инээдмийн тус кинонд жирийн нэгэн гэр бүлийн баяр, гуниг, учрал, хагацал, хоёр үеийн хүмүүсийн хоорондын тэмцлээр дамжуулан, эцэг, эх үр хүүхдүүдийн хоорондын зөрчил мөргөлдөөнийг тусган харуулах аж.
Баялаг агуулга, жүжигчдийн уран чадамжаараа олон үзэгчдийг байлдан дагуулсан тус кинонд хадам, хүргэн хоёрын хөгтэй харилцааг тод томруун харуулах юм байна.
Тус кино 03-ны өдрөөс эхлэн “”UBS”, болон “TV2” телевизүүдээр гарч эхлээд байна.
Л.Сайнбаяр