Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банк хамтран мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг орон нутгуудад үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тус хамтарсан баг Дархан-Ууд аймгийн удирдлагуудтай уулзаж цаашид хэрхэн хамтран ажиллах, тусламж дэмжлэг юу байгаа талаар харилцан санал солилцлоо. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Дархан, Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуйн бүс гэж тогтоосны дагуу холбогдох ажлуудыг эхлүүлсэн талаар тус аймгийн Засаг дарга танилцуулж цаашид энэ чиглэлээр төдийгүй Орхон сумаа түшиглэн төмс хүнсний ногооны тариалалтад шаардлагатай орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн саналыг сонссоны дараагаар тус ажлын хэсгийнхэн шинээр хэрэгжүүлэх төслийн талаарх мэдээллийг авахаар мал эмнэлэг, байгаль орчин, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл гэсэн хэсэгт хуваагдан ажиллаж эхэлсэн байна. Мөн тус багийнхан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үйлдвэрийн төлөөллүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцжээ.
Б.Лхам