Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банк хамтран мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг орон нутгуудад үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Уг төслүүдээ үр дүнтэй байлгах үүднээс аймаг орон нутгуудад хамтарсан баг ажиллаж байгаа ажээ.
Дархан-Уул аймгийн удирдлагуудтай тус багийн гишүүд өнөөдөр /2018.09.06/ уулзаж цаашид хэрхэн хамтран ажиллах, тусламж дэмжлэг юу байгаа талаар харилцан санал солилцлоо. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Дархан, Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуйн бүс гэж тогтоосны дагуу холбогдох ажлуудыг эхлүүлсэн талаар аймгийн Засаг дарга танилцуулж цаашид энэ чиглэлээр төдийгүй Орхон сумаа түшиглэн төмс хүнсний ногооны тариалалтад шаардлагатай орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн саналыг сонссоны дараагаар тус ажлын хэсгийнхэн шинээр хэрэгжүүлэх төслийн талаарх мэдээллийг авахаар мал эмнэлэг, байгаль орчин, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл гэсэн хэсэгт хуваагдан ажиллаж эхэллээ. Мөн тус багийнхан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үйлдвэрийн төлөөллүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцжээ.