Өнгөрсөн наймдугаар сарын 01-ний өдрөөс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их утаатай авто тээврийг хэрэгсэл зорчихыг хориглосон дүүргийн Засаг даргын А/117 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу дүүргийн Замын цагдаагийн хэлтсүүд ажлаа эрчимжүүлж, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.
Түүнчлэн уг ажлыг дүүргийн иргэд дэмжиж, илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа юм. Автомашины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг бөгөөд амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах бие сульдах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт үйлчилгээтэй нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий , хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз, пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон байна.