Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх замбараагүй худалдаа хийж байгаа талаар иргэд, оршин суугчдаас байнгын гомдол ирж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэг зөвшөөрөлгүй хүнсний ногоо худалдаалж байсан иргэдийг худалдааны талбайтай болголоо.
Тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын харьяа талбайд 3 дугаар хорооны 35, 36 дугаар байруудын ойролцоо нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний ногоо зөвшөөрөлгүй худалдаалж байсан иргэдийг бүртгэлд оруулж нийт бөөний 29, жижиглэнгийн 36 иргэн хамрагдаж монгол орны хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоо худалдаалж байна.
Ингэснээр нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан иргэд нэгдсэн байршил, мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр энэ оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл худалдаа хийх боломжтой болж байгаа юм байна.