Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байна.
Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны энэ сарын 3-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Энэ хүрээнд есдүгээр сарын 11-ээс 21-ний өдрийг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийх ба тус хэсгийг энэ сарын 15-ны өдөр нээх юм.
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийт 2.2 км авто замын эхний 1.4 км авто шинэчлэлтийн ажил, үлдсэн 0.8 км авто замыг өргөсгөж, дөрвөн эгнээтэй болгоно.
Б.Лхам