Өнгөрсөн амралтын өдрүүдэд өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 605 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 425 дуудлага иржээ. Тодруулбал, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас долоон хүний амь нас хохирч, нийслэлд 17 хүн гэмтэж бэртсэнээс дөрөв нь бага насны хүүхэд байжээ.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 119 зөрчлийг илрүүлэн саатуулж, хариуцлага тооцон ажилласан ба зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч гурав, явган зорчигч гурав бүртгэгджээ. Орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд энэ төрлийн осол нь хурд хэтрүүлэх, аюул тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй байх зэргээс шалтгаалж байна.
Түүнчлэн амралтын өдрүүдэд осол, хэргийн газраас долоон осол бүртгэгдсэнээс гурван хэргийг эрэн сурвалжлан олж тогтоон шалгалтыг ажлыг явуулж байна. Энэ оны байдлаар Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 18663 зам тээврийн ослыг бүртгэн шалган шийдвэрлэсэн байна. Зам тээврийн ослын улмаас 192 хүний амь нас хохирсоны 135 буюу 70 хувь нь орон нутагт бүртгэгдсэн статистик судалгаа гарчээ.
Б.Лхам