Монол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 23 жил болж байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болгосон юм.
Дорнод аймгаас нийт 3035 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн ба үүнээс 2437 хүн цагаатгагдсан. Улс төрийн хилс хэрэгт хилсээр хэлмэгдэгсдийн үр хүүхэд 166 байна. Тэдгээрийн төлөөлөл болсон хүмүүсийг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир нар уулзаж хүндэтгэл үзүүлэн, санал бодлоо солилцлоо. Уулзалтын дараа Данриг даржаалин хийдэд буяны ном хурж, зул бадраах арга хэмжээ боллоо. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд аймгийн хэмжээнд 1400 гаруй хүнд 1.2 тэрбум төгрөг, гэр хашааны нөхцөл сайжруулах чиглэлээр 44.0 сая төгрөг нийт 1.3 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгоод байна.
Улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” энэ онд батлагдсаны дагуу хэлмэгдэгсдийн эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөн олговор олгох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл (1)