“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт” маргааш эхэлнэ. Уулзалтыг Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТТБ-тай хатран зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус уулзалт нь хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг бөгөөд энэ жил гурав дахь удаагаа болж буй юм. Тус уулзалтад 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, Монголын үндэсний аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод зэрэг нийт 160 гаруй төлөөлөл оролцохоор болжээ.
Энэ хүрээнд хилийн чанад дахь ажиллаж, амьдардаг иргэдийн асуудлаар тодорхой зөвшилцөд хүрэх талаар ярилаа. Хилийн чанадад ажиллаж, амьдардаг 200 мянга орчим иргэд байдаг байна. Тэдгээр иргэдэд эрх зүй, нийгмийн асуудал, хилийн чанадад сурч буй хүүхдүүдийн хэл, соёлын асуудлаас гадна оюутан залуусын асуудлууд хамгийн чухал байдаг байна. Иймээс БСШУСЯ-ны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Хүүхдүүдийн хэл соёлд анхаарч мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхдийн сургалтын жишиг хөтөлбөр баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд цахим сурах бичиг гаргасан байна.
Түүнчлэн маргааш Монгол Улсын соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт болно. Энэ талаар Гадаад харилцаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг “Соёлын 39 төлөөлөл байдаг. Уг чуулга уулгалтад 21 сослын элч оролцоно. Энэ нь соёлын элч нарыг нэгдсэн мэдээлэл, чиглэлээр хангах, хоорондын үйл ажиллагаанх нь уялдаа холбоог сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой” хэмээн ярьсан юм.
Б.Лхам