Засгийн газрын 2018 оны 145, 146, 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, бүс орон нутаг болон хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын өдөр тутмын болон виз, бүртгэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг дүгнэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын удирдамжийн дагуу Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандахаар ахлуулсан ажлын хэсэг Хойд бүс дэх газар ажиллажээ.
Хойд бүс дэх газар нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг зургаан аймгийн 282 сум, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар, Ханхын боомтыг хариуцан ажилладаг.
Хойд бүсийн хэмжээнд 1800 гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суудаг бөгөөд 900 гаруй нь хөдөлмөр эрхлэгчээр оршин суудаг аж. Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн дийлэнх нь барилга байгууламж, уул уурхайн салбарт ажилладаг байна.
Ажлын хэсэг Хойд бүс дэх газрын виз, зөвшөөрлийн болон хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажиллагаа, мөн энэ оны тавдугаар сарын 24-ний өдрийн удирдамжийн дагуу холбогдох ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилт хангагдсан эсэхэд хяналт шалгалт явуулжээ. Мөн албан хаагчдын ажлын нөхцөл байдал болоод тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй цагаач гадаад иргэдийн судалгаа, түр ирэгчийн бүртгэл, гадаадын иргэдийн ажиллаж буй обьектын судалгаатай нарийвчлан танилцаж, албан хаагчдад чиглэл тус бүрээр мэргэжил арга зүйн туслалцаа, зөвлөгөө өгч ажилласан байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газар нь олон улсын, байнгын ажиллагаатай Алтанбулаг авто замын боомт, Сүхбаатар төмөр замын боомтыг хариуцан ажиллаж байгаа аж.
Б.Лхам