Энэ сарын 15-ны өдөр дулаан түгээж эхэлнэ гэх мэдээлэлтэй холбогдуулан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчтэй харилцах албаны дарга Г.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Дулааны бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан хийсэн засварын ажил дууссан байгаа. Эхнээсээ аж хуй нэгжүүд хүсэлтээ гарган тоолуураа аваад дулаанаа холбуулаад эхэлчихсэн явж байна.
-Дулаанаа холбуулсан хэчнээн аж ахуй нэгж байна вэ?
-Одоогоор цэцэрлэг, сургууль гээд бусад 173 аж ахуй нэгж, албан байгууллага тоолуураа авсан.
-Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд хэчнээн айл өрх, аж ахуй нэгжид дулаан түгээх тооцоотой байгаа вэ?
-Энэ жил 2567 гэрээт хэрэглэгчийн 9500 орчим барилга, объект дулаанд холбогдоно. Гэрээ хийх үйл явц 27.8 хувьтай явж байна.
-Айл өрхийн дулааныг энэ сарын 15-ны өдөр түгээнэ гэж байгаа. Албан байгууллагын дулааныг хэзээ холбох вэ?
-Айл өрхийн дулааныг хугацаанаас нь өмнө түгээхээр төлөвлөж, ажиллаж байна. Аж ахуй, албан байгууллагуудын дулааныг аравдугаар сарын 1-ээс өгч эхэлнэ. Хүсэлтээ гаргасан албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн дулааныг холбоод явж байгаа.
Б.Лхам