Орхон аймагт гурван багийн 280 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэгийг орон нутгийн 2.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулжээ.
Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, тус аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.
“Номун дөлгөөн” ХХК барьсан цэцэрлэгт 42 ажлын байр шинээр бий болжээ. Уг цэцэрлэг тоглоомын нийт зургаан талбай, өрөө бүр нь хүүхдэд зориулсан шүршүүртэйгээрээ онцлог аж.
Энэ хичээлийн жилд Орхон аймагт 24 сургуульд 20 мянган сурагч, 39 цэцэрлэгт 9600 хүүхэд сурч байгаа юм. Шинээр дөрвөн цэцэрлэг, нэг сургууль барьж байгаагаас ашиглалтад орсон нь дээрх цэцэрлэг байна. Ирэх сард 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмсэнээр сурагчдын хамран сургалт 94 хувьд хүрчээ.
Б.Лхам