Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийг экологийн цэвэр төмс, хүнсний ногоогоор хангах зорилтын хүрээнд эдгээр өрхүүд нь 2018 оны намрын ургацаа хураан авч “Ургацын баяр” арга хэмжээг есдүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
АДРА олон улсын байгууллага, Чингэлтэй дүүрэгтэй хамтран 2013 оноос хойш “Өрхийн тогтвортой тариалан” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус дүүргээс 20 өөртөө туслах бүлгийн 220 өрх хамрагддаг аж.
Тус өдөрлөгт нийслэлийн таван дүүргийн 1100 өрх хамрагдаж, өрхийн тогтвортой тариалан эрхлэх замаар өөртөө туслах бүлгүүдийг байгуулан эх орны хөрсөнд ургасан, эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүн тариалах арга технологид суралцан уг төслийг амжилттай хэрэгжүүлэн дуусах шатандаа орж байна.
Өдөрлөгт Нийслэлийн ХХААГ, АДРА ОУБ-ын суурин төлөөлөгч болон тус 5 дүүргийн тариаланч иргэд оролцлоо. Энэ үеэр тариаланчид өөрсдийн тарьж ургуулсан шинэ ургацын хүнсний ногоо, түүгээр хийсэн төрөл бүрийн даршилсан ногоо, салатыг хийж амтлагаат худалдааг зохион байгуулсан нь иргэдийг төмс хүний ногоогоо өөрсдийн орчиндоо тарьж ургуулан хэрэглэх боломж нээлттэй байгааг харуулсан үйл явдал боллоо.
Л.Сайнбаяр