Сүүлийн үед цахим орчинтой холбоотой гэмт хэргийн тоо эрс өсч байна. Өнгөрсөн оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг гарч байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн аж. Үүнтэй холбоотой ЦЕГ-аас UNFRIEND хөдөлгөөнийг орон даяар зохион байгуулж байгаа. Булган аймгийн хүүхэд залуус энэ хөдөлгөөнд нэгдэж дуу хоолойгоо хүргэж байна.
Булган аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн газар, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд төв талбайдаа тайван жагсаал хийж, нэгджээ.
Судалгаагаар долоон хүүхэд тутмын нэг нь садар самуунд уруу татсан зурвасыг нийгмийн сүлжээгээр дамжуулан авдаг гэж гарчээ. Тиймээс уг хөдөлгөөнийг санаачлагч, зохион байгуулагчдаас эцэг эхчүүдэд хандан хүүхдийнхээ цахим хаягт хяналт тавих, тэдэнд ойлголт өгч сэрэмжлүүлэхийг анхааруулж байна. Мөн өсвөр насны сурагчид, залуучууд сошиал орчинд бие биедээ эерэг мэдээлэл түгээхийг уриалсан байна.
Б.Лхам