Өвөрхангайгаас төрсөн Ардын зураач А.Сэнгэцохио тэргүүтэй уран зураачдын бүтээлийг дэлгэсэн Уран зургийн галерейг Есөнзүйл сумын Соёлын төвд энэ сарын 3-нд нээжээ.
Тус галерейг "Бест" арт галерейн захирал С.Чулуунбаатар, Есөнзүйл сумын удирдлага, Соёлын төвийн эрхлэгч Ц.Мягмарсүрэн нар санаачилсан бөгөөд уг галерей хөдөөд тэр дундаа суманд байгуулагдсан анхных гэсэн тодотголыг хүртэж байгаа юм.
Соёлын төвдөө хоёр танхим гарган байгуулсан "Бурхан Бумбын орон" нэртэй уран зургийн галерейд Өвөрхангай аймгаар овоглодог Ардын зураач А.Сэнгэцохио, МУЭ-ийн шагналт зураач М.Лхагвадорж, О.Дамдиндорж, З.Доржжанцан, С.Болдбаатар, Л.Дашзэгвэ, С.Сүхбаатар, Р.Баярсайхан, П.Энхтөр, Р.Баярмөнх, С.Чулуунбаатар, Д.Батмөнх, Б.Батжин, Л.Хонгорзул, Ө.Эрдэнэцэцэг, мөн Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл, МУЭ-ийн шагнал С.Төгс-Оюун, усан будгийн мастер зураач С.Мөнхбаатар нарын дотоод, гадаадын 60 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүд, нутгийн ард түмний эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл, түүх дурсгалын зүйлс зэрэг нандин үзмэрүүдийг дэлгэсэн байна.